ӨВЧНӨӨС АНАГААХУЙ (#10650)

Бурхан минь Таны алдар нэр болбоос намайг анагаагч, Таныг дурсан санах явдал бол намайг эдгээгч эм билээ.  Танд ойр байх нь миний найдвар, Танд зориулсан хайр минь миний анд нөхөр билээ.  Намайг энэрэх Таны нигүүлсэл бол намайг анагаагч бөгөөд энэ ба ирэх ертөнцөд намайг тэтгэгч билээ.  Та бол үнэхээр Хамгаас буянтан, Хамгийг мэдэгч, Хамгаас мэргэн нь билээ.

-Bahá'u'lláh
-----------------------

ӨВЧНӨӨС АНАГААХУЙ (#10651)

Бурхан минь, Бурхан минь! Таны анагаах увдисын далай, Таны буян хишгийн Үүрийн Туяаны сүр жавхлан, хамаг шадар зарцыг номхруулагч Таны Алдар нэр, Таны хамгаас өргөмжит Үгийн гүн увдис ба Таны хамгаас ялгуусан Бийрийн гайхамшигт хүч чадал, газар дэлхий ба тэнгэр диваажинд орших бүхэн буй болохоос өмнө оршиж байсан Таны энэрэх сэтгэлээс хүсэх минь: Өөрийн өгөөмөр сэтгэлийн ариун рашаанаар хамаг зовлон, будлиан, сул дорой байдлыг надаас үүрд тонилгож хайрлаач.
Эзэн минь ээ!  Таны буян хишгийн үүд хаалганы өмнө Таны ивээлийг хүсэн хүлээж суугаа түүнийг, Таны өгөөмөр сэтгэлийн олсноос атган Танд итгэл найдвараа даатгасан түүнийг Та харж байгаа билээ.  Таны энэрэл хайрын далай,  нинжин сэтгэлийн Үүрийн Туяаны гэрлээс хувь хүртэхийг хүсэж байгаа түүний хүслийг биелүүлэхээс бүү татгалзаач.
Та хүссэн бүхнээ хийх чадалтай билээ. Бүгдийг өршөөгч, Хамгаас Өгөөмөр сэтгэлтэй Танаас өөр Бурхан үгүй.

-Bahá'u'lláh
-----------------------

